Эмэгтэйчүүд мяндсан ухаан, торгон мэдрэмжээр аливаа асуудалд ханддаг

НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Одгэрэлтэй “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011” форумын үеэр уулзаж, чуулганы зохион байгуулалт, гол зорилго, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэр шаардлагатай байгаа талаар ярилцлаа.

-“Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011” форумын зо­хион байгуулагчийн хувьд чуул­ганы гол зорилго, ач холбогдол нь юу байв?

-НАМЭХ улс орныхоо өн­цөг булан бүрээс 1000 эмэг­­тэйг цуглуулаад “Эмэг­тэй­­чүүд хөгжлийн тө­лөө-2011” форумыг зо­хион бай­­гуул­­лаа. Энэ чуул­ганы гол зо­­рилго нь  эмэгтэй­чүү­дийн дуу хоолойг нэгтгэж, тэд­гээ­рийн хүсэл, улстөрийн шийд­­вэр гаргах түвшинд нө­­лө­өлөх боломж, түүнчлэн Сон­гуулийн хуулийг хэлэл­цэж, энэ чу­хал үед эмэгтэй­чүү­дийн кво­тын асуудлыг Сон­гуулийн ту­хай хуулинд тус­­гуула­хыг зорилгоо бол­го­сон.

Форумаас гарсан санал хүсэлтийг намуудын мөрийн хөтөлбөрт болон шийдвэр гаргагчдад хүргэх, уриалга гаргах гэсэн зорилготойгоор 2012 оны бүх шатны сон­гуу­лийг угтаж чуулган зо­хиож буйгаараа онцлог юм.

-Энэ 1000 төлөөлөгч бүгд НАМЭХ-ны салбар зөв­лө­лийн дарга нар уу?

-Тийм ээ. Сумдын бо­лон нийслэлийн есөн дүүр­гийн НАМЭХ-ны салбар зөвлөлийн дарга нар оролцож байна.

-Эмэгтэйчүүдийн улс­тө­рийн оролцоонд ямар үнэ­лэлт өгч байна?

-Эмэгтэйчүүдийн улстө­рийн оролцооны тухай яри­хад эмэгтэйчүүд шууд шийд­вэр гаргах түвшинд гарах гээд зүтгээд байдаг. Шийдвэр гаргах түвшинд гарахын тулд квот, Сонгуулийн хуу­лийн тухай ярьж байна гэж хү­мүүс ойлгодог. Гэвч улс­төрийн оролцоо гэдэг бол шал өөр асуудал.

Эмэгтэйчүүд нийгмийн­хээ төлөө шийдвэр гар­гах, тухайн асуудалд өө­рийн са­наа бодол дуу хоо­лой­гоо өр­гөх, итгэл үнэмш­лийн тө­лөө тэмцэж, улстө­рийн үйл ажил­ла­гаанд орол­цо­­хыг л улстө­рийн орол­цоо гэж нэр­лэдэг. Энэ тал дээр эмэг­тэй­чүү­дийг идэвх­тэй  орол­­цуулж, санал санаа­чил­гыг  нь олон нийтэд хүргэх шаардлагатай юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоог нэмэг­дүү­лэхэд НАМЭХ-ны зү­гээс гол зорилгоо болгон ажил­лаж байна.

-Сонгуулийн тухай хуу­линд эмэгтэйчүүдийн кво­тыг хэрхэн тогтоох талаар ярил­­цаж байна. Ер нь шийд­вэр гаргах түвшинд эмэгтэй­чүү­дийн үзэл бодол хэр нө­лөөтэй гэж үзэж байна вэ?

-Эмэгтэйчүүдийн хувьд мяндсан ухаан, тор­гон мэдрэмжээр аливаа асуу­далд ханддаг. Тиймээс улс­төрд ийм торгон ухаан шаардлагатай байна. Гэхдээ уул уурхай,  ашигт малтмал  гэх мэтийн асуудлыг мэ­дээж эрчүүдтэй хамтарч шийд­вэр­лэхээс өөр аргагүй. Аливаа асуудал эр, эм хоёр дээр л тогтдог. Эмэгтэйчүүд зөөлөн бодлогоор улс орныг төлөөлөн удирдана гэдэг нь нийг­мийн асуудалд нухацтай байр сууринаас эелдгээр хан­дана гэсэн үг.

-Чуулганд оролцогч эмэг­тэйчүүдийн дүр зургийг илэр­хийлэхэд?

-Эмэгтэйчүүд ерөөсөө л энэ чуулганыг хүлээж бай­сан.  Форумд эмэгтэйчүүд дуу­ хоолойгоо нэгтгэхээр бэл­­дэж байсан юм шиг л тийм сэт­гэгдэл төрлөө. Ер нь 2004, 2008 оны сонгуулиас хойш УИХ-д эмэг­тэйчүүдийн тө­лөө­лөл бага байсантай хол­боо­тойгоор ч тэр үү. Эмэг­тэй­чүүдийн улстөрийн орол­цоо их, улстөрийн шийд­вэр гаргахад нөлөөлж бай­­сан бол бид энэ асуудлыг ингээд шийд­­чих юмсан, энэ асуудал байх­гүй байх байсан гэх зэрэг үнэлэлт дүгнэлт өгч, до­тор хүнтэйгээ ярьсан мэт дүр төрх, төлөөлөгчдийн са­нал са­наа­чилгаас харагдаж бай­­лаа.

Эмэгтэйчүүд дуу хоолой­гоо олон нийтэд хүргэх, бо­ловс­руулсан  санаа бодлоо тө­рийн шийдвэр гаргагчдад хүргэх гэсэн чиглэлээр чө­лөө­тэй ярилцсанд форумыг зо­хион байгуулагч бидэнд бо­лон МАН-ын дэргэдэх НАМЭХ талархалтай хандаж байгаад их баяртай байна.

Эмэгтэйчүүд УИХ-д квоттой болохгүй бол ирэх сонгуульд оролцох боломжгүй

Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд В.Удвалтай “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011” форумын үеэр ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Таны хувьд энэхүү чуул­ганы гол ач холбогдол, зо­рилго нь юу байсан бэ?

-Чуулганы гол зорилго нь улс орон, дэлхий да­хины хөгжилд, эмэгтэй, эрэг­тэй­чүүд тэгш оролцоотой байх ёстой гэсэн зарчим. Үүнийг бид баримталж байгаа. Тэр үүднээс эмэгтэйчүүд хөгж­лийн төлөө гэдэг энэ фору­мыг зохион байгууллаа. Ер нь хөгжил гэдэг бол тэгш орол­цоог хэлдэг.

Мянганы хөгжлийн зо­рил­тууд гэж байдаг. Мянга­ны хөгжлийн зорилтууд эмэг­тэй­чүүдтэй холбоотой. Үүнд ядуурлыг бууруулах, эхийн эн­дэгдлийг бууруулах,  2015 он гэхэд УИХ-ын нэр дэвшигч­дийн 30 хувь, мөн УИХ-д сон­гогдож байгаа гишүү­дийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн зорилт бий. Тэгэ­хээр НАМЭХ-ныхон эдгээ­рийг ярихгүйгээр  цаашлаад хөг­жил рүү тэмүүлэх болол­цоотой болсон байна. Бид одоо хөгжлийн тодорхой гараан дээр хүрээд ирчихсэн.

-Таны бодлоор чуулган хэр үр дүнтэй болов?

-Дотоодын нийт бү­тээг­дэхүүн өсч байгаа нь хараг­даж байна. Эдийн зас­гийн өсөлт энэ онд 20 хувь, дунд­жаар 15-17 хувийн  өсөлттэй байгаа нь энэхүү өсөлтөд эмэг­тэйчүүд ямар байр суу­ринаас хандах, өсөл­­тийн хур­дыг хэрхэн саа­руулах вэ гэдэгт л бидний уул­зал­тын зорилго оршиж байгаа.

Зорилго маань биелэх байх гэж бодож байна. Манай хол­бооны ерөнхийлөгчийн тавь­сан илтгэлд дурдсанаар гэр бүлийн, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн оролцооны асуудал гэх мэтчилэн олон асуудлыг нийгэмд шударга зөв шийдээсэй гэж хүсч, энэхүү форумыг зохион бай­гуулж байгаа юм.

-Манай улсад шийдвэр гаргах түвшинд эмэг­тэйчүү­дийн оролцоо хэр хангалт­тай байна вэ?

-Орон нутагт болон удирд­лагын доод, дунд шатанд эмэг­тэйчүүд улстөрийн үйл ажиллагаанд түлхүү оролц­дог. Эмэгтэйчүүд орон нут­гийн болон нийслэлийн Иргэ­дийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тодорхой хувийг эзэлдэг.

Харин дээд түвшинд буюу шийдвэр гаргах пар­ла­мен­тын түвшинд гурав­хан эмэг­тэй гишүүн байна. Тий­мээс үүнийг бид  өөрчилж шийд­вэр гаргах түвшинд эмэг­тэй­чүү­дийн оролцоог нэмэгдүүлье гэсэн зорилготойгоор нэгдэж байна. Би ХЗДХ-ийн  дэд сайдын хувьд УИХ-аар кво­тыг батлах үйл явцад өөрийн­хөө дуу хоолойг хүргэх юм­сан гэж боддог. Эмэг­тэй­чүүд УИХ-д квоттой болохгүйгээр ирэх  сонгуульд оролцох бо­лол­цоо байхгүй.

-Сонгуулийн тухай хуу­линд эмэгтэйчүүдийн квот хэрхэн тусгагдсан гэж үзэж байна вэ. Таны санаанд ний­цэж байна уу?

-Сонгуулийн хуулиар эмэг­тэйчүүдийн квотыг 15 хувь байлгахаар ярилцаж байгаа. Цаашдаа 20 хувь болгоё гэж бүлгүүдийн хуралдаанаар са­­­нал тус­гасан гэж би ойл­го­сон. Хэр­вээ 20 хувийн квот дээр тогт­чихвол сайн л бай­на. Эмэг­тэйчүүд улс ор­ны хөг­­­­жил­тэй холбоотой асууд­лыг мэдэрч, энэ хэмжээнд асууд­­­­лыг шийдэх хэрэгтэй бай­­­­на. Иймээс 20 хувь бол­гож бат­­лаасай гэж хүсч бай­на.

-Чуулганд оролцсон эмэг­тэй­чүүдийн дүр зургийг гу­­рав­хан өгүүлбэрээр илэр­хийлээч?

-Эмэгтэйчүүдийн шийд­вэр гаргах дээд түвшинд орол­цох оролцоог нь нэмэгдүүлэх шаардлагатай. Улстөрийн хү­чир­хий­лэлд эмэгтэйчүүд ав­­таж байна. Үүнийг таслан зог­­соох хэрэгтэй. Яагаад гэ­вэл үү­нийг хөгжлийн төлөө хийх ёстой гэж хэлмээр бай­на.

15 хувийн квот гэдэг дэндүү бага, гэхдээ том дэвшил

НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Г.Идэрмаатай ярилцсанаа хүргэж байна.

 

-Таны хувьд “Эмэгтэй­чүүд хөгжлийн төлөө-2011” фо­румын гол зорилго, ач холбогдол нь юу байв?

-“Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011” форум  2011 оны 11 дүгээр сарын 11 гээд олон нэг давхацсан энэ бэл­гэдэлтэй өдөр, орон нут­гийн болон нийслэлийн бүх дүүр­гийн төлөөлөл 1000 эмэг­тэйг хамруулсан форум болж байгаагаараа онцлог юм.

Форумын гол зорилго нь 2012 оны УИХ-ын сон­гууль болох гэж байгаа­тай холбогдуулаад МАН-аас дэв­шүүлэх мөрийн хөтөл­бө­рөө боловсруулж эхэлсэн. Энэ мө­рийн хөтөлбөрт эмэг­тэйчүү­дийн дуу хоолойг хүргэ­хийн тулд, эмэгтэйчүүд юу бодож ямар зорилготой явдгийг энэ фору­маар хэлэлцэж байна.

-Эмэгтэйчүүдийн улстө­рийн оролцоог хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?

-Одоогийн байдлаар эмэг­тэй­­чүүдийн улстөрийн орол­­цоо туйлын хангалтгүй байна. Ялангуяа дээд түв­шин­­­дээ буюу УИХ, Зас­гийн газ­­рын хэм­жээнд шийд­вэр гар­­гах түв­шинд маш бага хувь­­тай бай­гаа нь харам­сал­тай.

Харин шийдвэр гаргах түв­шинд эмэгтэйчүүдийн орол­цоо сум, дүүрэг, нийслэ­лийн иргэдийн хурлын хэм­­жээнд харьцангуй гай­гүй байдаг. Бид энэхүү уул­зал­тын мөрийн хөтөлбөрт тодор­­хой хэмжээний бодлого, зо­рилгуудыг тодор­хойлж гар­­галаа гэхэд шийдвэр гар­гах түвшиндээ эмэгтэй­чүү­дийн дуу хоолойг хаачихдаг уч­раас хэрэгжих магадлал маш бага болчихдог.

-Сонгуулийн хуулиар эмэг­тэйчүүдийн квотыг 15 хувь байлгахаар УИХ-аар ярилцаж байна. Энэ үзүү­лэлт таны санаанд хэр ний­цэж байгаа вэ?

-УИХ-аар эмэгтэйчүүдийн квотыг эхлээд 20 хувь гэж ярьсан. Харин сүүлдээ 15 хувь боллоо. За яах вэ, нэг тал­даа 15 хувь гэдэг бол дэндүү бага квот боловч том дэвшил гарч байгаад баяртай  байна. УИХ-аар эмэгтэйчүүд квоттой байх ёстой гэж хү­лээн зөвшөөрлөө. 15 ху­вийн квот дараа дараагийн сон­гуульд нэмэгдэх байх гэж бодож, найдаж байна.

-Таны бодлоор өнөөгийн эмэгтэйчүүдийн амьдралын дүр зураг ямар байна?

-Өнөөдөр нийгэм эмэг­тэй­чүүдийг хүлээж байна. Энэ нь судалгааны дүнгээр нот­­логдсон. Сая Жендэрийн үн­дэсний хорооноос хийсэн су­дал­гаа­гаар ямар ч нам хар­гал­захгүйгээр мэдлэг бо­ловс­ролтой, удирдах чад­вартай эмэгтэй хүн УИХ-д нэрээ дэвшүүлбэл дэмжинэ гэж иргэдийн 60 хувь нь саналаа өгсөн байна лээ.

Энэ нь юу гэхээр нэгдү­гээрт, нийгэм эмэгтэйчүүдийг хү­­лээж байна. Хоёрдугаарт,  эмэг­тэйчүүд хариуцлага хү­­лээх, ачааг үүрэх хэм­жээнд бэлтгэгдэж чадсан бай­­на гэдгийг илтгэж бай­гаа юм. Гу­равдугаарт,  шийд­­­­вэр гар­гах түв­шинд эрэг­­­­тэй­­­­чүүд эмэг­­тэйчүүдээ дэм­­жиж бай­на. Энэ гурван үн­­дэс­­­лэ­лээс үзэ­хэд ний­гэмд эмэг­­тэй­­­чүүд үгүй­­лэгдэж байгаа нь илэр­хий. Мөн эмэгтэйчүүдийг шийд­­вэр гаргах түв­шинд зайлш­гүй шаард­лагатай гэд­гийг олон ул­сын байгуул­ла­гууд хүр­тэл дэм­жиж байна.

Өглөөний сонин


Сэтгэгдлээ бич

Нэр(заавал)

Вэб, блог